Түүхэн замнал

      

            Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн анги / Хорих 447-р/ нэртэйгээр Монгол улсын засгийн газрын 1990 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 153 тоот тогтоолоор байгуулагдан 1991 оны 03 дугаар сараас  мод модон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, ойжуулах чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэв.

            Улсын их хурлаас 1998 оны 11 дүгээр сарын 15-нд Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай МУ-ын хууль батлагдаж,  Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1999 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар Шийдвэр гүйцэтгэх тасгийг Хорих 447-р ангитай нэгтгэн шийдвэр биелүүлэх алба болгон зохион байгуулжээ.    2000 онд хуучин сүрьеэгийн эмнэлэг байсан барилгыг балансаас балансад аймгийн ИТХТ-ийн 2000.05.09-ны өдрийн 25-р тогтоолоор шилжүүлэн авч “Урт булаг”-т байрлах хорих ангийг нүүлгэн шилжүүлж,  шинээр 280 м кв талбай бүхий албаны контор, шалган нэвтрүүлэх байр, ялтны эргэлт уулзалтын байр, хорих ангийн хамгаалалтын 6 м өндөртэй шургааган хашааг  барьж ашиглалтанд оруулсан. Мөн хүлэмж шинээр барьж нарийн ногоо, хар модны үрсэлгээ тарьж үрсэлгээгээр жилд 5 га-д ойжуулалтын ажлыг хийж байв. Энэ үед жилд жилд 6300 м куб мод бэлтгэн  4725 м куб банз, мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдан борлуулж байв. 

2001 онд “Мянганы зам”-ын ажилд Хархорины 423-р хорих ангиас 60 ялтныг шилжүүлэн авч нийт 120 ялтан, 8 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 2 сарын хугацаанд 12м гүн, 8 м өргөн, 150 м урт Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Ухаа-Чулуутын давааг сэтлэх ажлыг чанарын өндөр түвшинд хийж 2001 оны 10 сард хүлээлгэн өгч улсын чанартай бүтээн байгуулалтын ажилд оролцож байв.

            Монгол улсын Засгийн газрын 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 155 дугаар тогтоолоор аймаг, орон нутгийн хорих ангиудыг бүсчлэн жирийн дэглэмтэй төвлөрсөн хорих анги болгон өөрчилсөн тул Өвөрхангай аймаг дахь Хархорин суманд байрлах Хорих 423-р анги руу тус албаны хорих 447-р ангийг нүүлгэн шилжүүллээ.

            Монгол улсын засгийн газрын 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 155 тоот тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/99 дүгээр тушаалын дагуу аймгийн Цагдаагийн хэлтсийн харьяанд байсан Цагдан хорих байрыг хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/105 дугаар тушаалаар 2002 оны 09-р сарын 01-ний өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болгон өөрчлөн зохион байгуулжээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1102 дугаар тушаалаар Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болгон өөрчлөн зохион байгyулсан.

            2016 онд ШШГЕГ-ын хөрөнгө оруулалтаар нэг цэгийн үйлчилгээ бүхий албаны контор, цагдан хорих байр ашиглалтад орсон.